1 бүлэг. Нийгэм, нийгмийн харилцаа.
Нийгмийг дараах байдлаар тайлбарладаг: Нийгэм нь: хүн амын болон соёлын нөхөн үйлдвэрлэлээрээ өөрийн залгамж, тогтвортой чанарыг хангадаг, нэг нутаг дэвсгэр дээр амьдардаг, өөрийн зохион байгуулалт, эмх цэгц бүхий, улс төрийн хувьд биеэ даасан, өөрсдийгөө тухайн нийгэмд харьяалуулдаг хүмүүсийн тогтвортой нэгдэл юм. Хүмүүс хэрэгцээгээ хангах, зөрчил маргаан, эмх замбараагүй байдалд хүргэхгүйн тулд үүргээ хуваарилан зохион байгуулалтад орж, хянаж, зохицуулах замаар амьдарч буй хамтын амьдралынх нь хэлбэр юм..
Нийгмийн бүтэц гэж юу вэ? Нийгмийн бүтэц нь хүмүүсийн үйлдэл, тэдгээрийн хоорондын харилцаанд илрэх ба тодорхой орон зай, цаг хугацаанд тогтвортойгоор буюу дахин давтагдах байдлаар ажиглагдана. Социологич В.Занден “Нийгмийн бүтэц гэдэг нь нийгмийн хэсэг, элементүүдийн хооронд бэхжсэн тогтвортой харилцаа холбоог хэлнэ” гэжээ. Нийгмийн бүтэц нь микро түвшинд хувь хүний нийгэмд амьдрах зан үйлийг тодорхойлж өгдөг. Бид ямар үйлдлийг, хэрхэн хийх вэ? гэдгийг нийгмийн бүтэц тогтоодог. Жишээ нь 1920-оноос өмнө эмэгтэй хүнд цалин хөлстэй ажил хөдөлмөр эрхлэх, эмчээр ажиллах сонголт байгаагүй. Хувь хүн өдөр тутамдаа ямар үйлдлийг хэрхэн хийх вэ? гэдэг сонголт нь байр сууриас нь хамаардаг. Жишээ нь эцэг, эсвэл эх хүн гэр бүлийн болоод албан ажил, нийтийн өмнө хүлээж буй үүргээ хэрэгжүүлэх замаар өдөр бүрийг өнгөрөөдөг. Ямар үйлдэл хийх нь хүмүүсийн байр суурьтай нь бүхэлдээ холбогдож байдаг..
Байр суурь гэдэг нь: хувь хүний эдлэх эрх, боломж, гүйцэтгэх үүрэг, бусдын зүгээс хандах хандлагын цогцоор тодорхойлогдоно. Үүрэг гэдэг нь: байр сууриас үүдэн бий болж, заавал биелүүлэх ёстой, хэм хэмжээлэг шинжтэй зан үйлүүдийн цогц бол үүрэг буюу role юм. Энэ нь бусад хүнтэй харилцахдаа юуг хийх ёстойг заана. Тухайн байр суурь бүхий хүн юуг хийх нь зөвшөөрөгдөж байгааг эрх гэнэ. Тухайн байр суурийн хүрээний эрх, үүрэг нь нийгмийн албан ба албан бус хэмжээгээр тогтоогддог. Хүмүүс бие биентэйгээ байр сууриас нь хамааруулан харилцдаг..
Байр суурийг дараах байдлаар ангилна: Байр суурийг төрөлхийн ба олдмол гэж ангилдаг. Хүйс, үндэс угсаа зэрэг байр суурь нь төрөлхийн, харин ажил мэргэжлийн, гэрлэлтийн, эдийн засгийн улс төрийн зэрэг байр суурь нь олдмол юм. Нийгмийн гишүүд нь байр суурь, үүргээрээ ялгаран амьдрах нь харилцан хамааралтайгаар нэгдэж амьдрах үндэс болохын хамт ашиг сонирхлоо хэрэгжүүлэхийн төлөө зөрчилдөхөд хүргэнэ. Нэг хүний үүргүүд нь нөгөөгийн хэрэгжилтэд саад учруулах зэргээр ч зөрчилддөг. Жишээ нь, багш хүн албан үүргээ гүйцэтгэхийн тулд гэр бүлийн зарим үүргээ биелүүлж чадахгүйд хүрдэг. Үүнийг үүргийн зөрчил гэнэ..
Нийгмийн институт гэж юу вэ? Хувь хүний үйлдэл нийгмийн институтийн нөлөөн дор явагддаг. Нийгмийн институт нь нийгмийн бүтцийг макро түвшинд хийсвэрлэн илэрхийлж буй ойлголт юм. Энэ нь нийгмийн тодорхой хэрэгцээг хангахын төлөө хэм хэмжээтэй, дахин давтагддаг үйлдлээрээ холбогдсон нийгмийн байр сууриудын нэгдэл юм. Нийгмийн хэрэгцээ ба нийгмийн институт:.